Яагаад хүмүүс ноолууран бүтээгдэхүүнд дуртай байдаг вэ? Ноолууран бүтээгдэхүүний давуу тал?

Ноолуур нь хөнгөн, зөөлөн шинж чанартайгаас гадна дулаан хадгалах чанар сайтай байгалийн ховор ширхэгтүүдийн нэг юм. Ноолууран бүтээгдхүүнийг авч явахад үрчийдэггүй мөн удаан эдэлгээтэй.  Ноолуурын байгалийн онцлог нь дулаан хадгалах болон агаар нэвтрүүлдэх чадвар онцгой сайн.

Ноолууран бүтээгдэхүүн авахдаа юуг анхаарах ёстой вэ?

Ноолуурыг ноостой харьцуулж үзэхэд ялгааг нь шууд л мэдрэх болно. Ноолуурыг шалгаж үзэхдээ гарынхаа алгаар бүтээгдэхүүний гадаргыг үрэхэд жижиг ширхэгүүд бөөгнөрч байгаа эсэхийг харах хэрэгтэй. Хэрэв бөөгнөрөн, бөөсөрч байвал чанар муутай байна гэсэн үг. Өөр нэгэн ноолуурын чанарыг шалгах арга бол бүтээгдэхүүнийг сунгахад буцан анхны хэлбэртээ орж буй эсэхийг харах юм. Хэрэв буцан анхны хэлбэртээ эргэн орохгүй сунасан хэвээр байвал муу чанарын ноолуур байна гэсэн үг.

Цэвэр ноолуур, хөвөн даавууны холиотой ноолуур, торгоны холиотой ноолуурын ялгаа юу вэ?

Торго нь ноолууртай маш сайн холигддог бөгөөд ноолуурыг гялгар, илүү биетэй болгодог. Торго ноолууртай харьцуулахад илүү хатуу ширхэгтэй байдаг тул торгоны холиотой ноолуур 100% ноолуур шиг зөөлөн байдаггүй. Мөн торго ноолуураас хямд үнэтэй тул торгоны холиотой ноолуур 100% ноолуураас ихэвчлэн хямд өртөгтэй байдаг. Хөвөн даавууны холиотой ноолуур цэвэр ноолуураас харьцангуй хямд үнэтэй ч ноолуурын зөөлөн, тансаг гэх мэт зарим чанарыг агуулдаг бөгөөд хүйтнээс хамгаалах чадвар арай бага байдаг.

4 давхарласан болон 2 давхарласан утсаар хийсэн бүтээгдхүүний ялгаа юу вэ?

Хувцасны дизайнерууд илүү зузаан, олон өнгөний сонголт нэмэхийн тулд заримдаа олон давхарласан утас ашигладаг. Гэхдээ олон давхар болголоо гээд илүү чанартай болохгүй.

Сайн чанарын ноолуур ба муу чанарын ноолуурын зарим ялгаа юу вэ?

Ноолуурын чанарт хамгийн чухлаар нөлөөлдөг зүйл бол ширхэгийн урт болон нарийн юм. Урт нарийн ноолуурын ширхэгээр хийгдсэн материал бага бөөсөрдөг, хэлбэрээ сайн хадгалдаг бөгөөд угаалт бүрээр энэ чанар нь сайжирдаг.

Ноолуурын чанарыг хэрхэн хэмждэг вэ?

Ноолуурын нарийн чанарыг микроноор хэмждэг. Ихэвчлэн 14-19 микрон байдаг бөгөөд энэ тоо бага байх тусам ноолуур нарийн ширхэгтэй байдаг.